Оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Нийслэл хот хаяагаа тэлж хүн ам өсөхийн зэрэгцээ түүнийг тойрсон олон асуудал бидний өмнө тулгамдаж байна. Үүний нэг нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй оршуулгын зан үйлийн тулгамдсан асуудлууд билээ.
Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 15000 орчим нас баралт бүртгэгддэг үүний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгддэг гэсэн статистик мэдээ байна. Нийт нас баралтын 20 хүрэхгүй хувь нь чандарлан оршоох зан үйлээр, 80% нь газарт оршоох буюу далд оршоох зан үйлээр үйлчилгээ авсаар байна.
Өнөөдөр Нийслэлийн нутаг дэвсгэрийн 758,5 га талбайг оршуулгад зарцуулаад байна. Үүнээс 524,5 га газар нь зөвшөөрөгдсөн, 176,5 га талбай нь албан ёсоор хаагдсан, 57,5 га талбайд зөвшөөрөлгүй оршуулга хийгдсээр байна.
Цаашид суурьшлын бүсэд оршуулгын газар байх нь хүн хийгээд байгаль экологид хор нөлөө ихтэйгээс гадна уламжлалт ёс заншил, соёлд нийцэхгүй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч аж төрөхөд сөрөг үр дагавруудыг үүсгэсээр байна.
Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, МБШТ Гандантэгчилэн хийд, Буяны зан үйлийн холбоо ТББ-тай хамтран оршуулгын зан үйл, салбарын өнөөгийн байдал, нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор дараах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр төр захиргааны байгууллага, шашны байгууллага, буяны үйлчилгээний салбарын төлөөллүүд илтгэл тавьж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хамтарсан уриалгыг гаргаж цаашид бодитой ажил хэрэг болгох хамтран ажиллах юм.