Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлын нэг нь Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газар байсаар ирсэн.
Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатын хурлын тогтоолоор хаагдсан ч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл оршуулга хийсээр ирсэн байна. Нийт 73,9 га талбайг эзэлдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог.
Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага батлах тухай” бодлогын баримт бичигт тус оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгагдсан хэдий ч хэрэгжээгүй өнөөг хүрсэн.
Тэгвэл иргэдийн дунд удтал хүлээлт үүсгээд байсан Далан давхрын оршуулгын газрын асуудал бодитой ажил хэрэг болох нь.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11-р сарын 06-ны өдрийн хуралдаанаар Далан давхрын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэж 109 дүгээр тогтоол гарч, төсөл хэрэгжих талбайн солбицлын цэгийг баталсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар уг төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгожээ.
Энэхүү хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 10 га талбайд хэрэгжих бөгөөд төсөл хэрэгжих талбайн байршлыг танилцуулж байна.
Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны 4 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаатай тул тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэл, мэдээллийн ажилтантай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг:
Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэг;
“Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр;
Цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn вэб сайт;
72100101 дугаараас; авах боломжтой юм байна.