• sambalkhundev70@gmail.com
    и-мэйл хаяг
  • 72100101
    лавлах төв

ШАРИЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ

by author: admin

Date: 1 жил, 4 сар өмнө

categories: Төслийн танилцуулга

Уншисан тоо: 429

2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай

Хамтран ажиллах гэрээний гуравдугаар хавсралт

ШАРИЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД

БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн (цаашид “НИТХ” гэх) 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” 109 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/733 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр заасан.

1.2. Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд төсөлд хамрагдсан талбай дахь шарилын тоо хэмжээг тодорхойлж баталгаажуулах, иргэдийг мэдээллээр хангах, шарилыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцаанд энэхүү түр журмыг баримтлана.

1.3. Шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Зарим цогцос оршуулах журам”, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмуудын холбогдох зохицуулалтууд, MNS6841:2020 Оршуулгад хамаарах үйлчилгээний стандарт, MNS5605:2006 Шарил чандарлах үйлчилгээний байгууллагад тавих ерөнхий шаардлага стандарт, холбогдох бусад  хууль тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлнэ.

1.4. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад өөрчлөлт оруулах эсхүл илүү нарийвчлан зохицуулах шаардлага гарсан нөхцөлд УБЗАА болон Компанийн хамтран байгуулсан Түр удирдлагын баг хуралдаж Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж болно.

                   

    Хоёр. Тооллогын дүнг баталгаажуулах, нийтэд мэдээлэх

    2.1. Тооллогын дүнг баталгаажуулах:

    2.1.1.УБЗАА болон Компанийн хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн дагуу Компаниас хийсэн шарилын тооллогын дүнг баталгаажуулахад дор дурдсан мэдээллийг үндэслэнэ. Үүнд:

    • a) Шарил тус бүрээр булшны чулуу, бунхан дээр бичигдсэн овог нэр, төрсөн болон нас барсан огноо, ар гэрийг олж тогтооход шаардлагатай байж болох бусад мэдээлэл, баримтуудыг бүртгэж тэмдэглэсэн байдал, бодит байдлыг харуулсан фото зургууд;
    • b) Булшны чулуу, бунхан эвдэрч хэмхэрсэн, эсхүл байхгүйн улмаас хэн болохыг нь тодорхойлох боломжгүй шарилын тоог гаргаж бүртгэсэн байдал, бодит байдлыг харуулсан фото зургууд;
    • c) Шарил тус бүрийг дугаарлаж, тэмдэглэгээ хийж баталгаажуулсан байдал

    2.1.2. Мэдээллийн үнэн зөвийг шалган баталгаажуулах ажлыг УБЗАА, Нийслэлийн иргэний бүртгэлийн газар, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

    2.1.3. Компани нь энэ журмын 2.1.1-д заасан мэдээллийг төслийн үйл ажиллагааны нарийвчлан төлөвлөгөөнд заасан хугацааны дотор УБЗАА-нд хүлээлгэн өгнө.(Хавсралт №1 – Төслийн талбай дахь шарилын мэдээлэл)

    2.1.4. Шарилын тооллого, дүнг тулган баталгаажуулах үйл явцад энэ журмаар зохицуулагдаагүй харилцаа үүссэн нөхцөлд Түр удирдлагын баг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллана.

                   2.2. Нийтэд зарлан мэдээлэх

                   2.2.1. Шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээс 3-аас доошгүй сарын өмнөөс эхлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд төслийн талаар мэдээлэх ба мэдээллийн агуулга, давтамж, хугацаа, хуваарь, хариуцах эзнийг заасан нарийвчилсан төлөвлөгөөг Түр удирдлагын баг баталж хэрэгжүүлж ажиллана.  

                   2.2.2. Тооллогын мэдээллийг Компанийн www.sambalkhundev.mn цахим санд байршуулж, 7210-0101 тусгай дугаар (ажлын цагаар) ажиллуулах замаар талийгаачийн ар гэр, олон нийтэд мэдээлнэ.

                   2.2.3. Компанийн бүртгэл мэдээллийн ажилтанууд 2022.04.30-ны өдрийг хүртэл хугацаанд “Улаанбаатар Буян” ХХК-ийн байранд, 2022.01.10-2022.04.30-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу Дүнжингарав төвд, 2022.04.30-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх ажил дуусах хүртэл хугацаанд төслийн талбайд тус тус байрлан ажиллана.

    2.2.4. Шарилыг нүүлгэн шилжүүлэх, шарилын бүртгэл тооллого хийх, баталгаажуулж эзэнжүүлэх, ар гэртэй холбогдох, тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх, саналыг авах, шилжүүлэн оршуулах хугацаа хуваарийн талаар мэдээлэл өгөх, эдгээртэй холбогдох бусад ажлыг Компаниас томилогдсон бүртгэл, мэдээллийн ажилтнууд хийж гүйцэтгэх ба  дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

    а)Хариуцах эзэнтэй шарилын ар гэртэй уулзаж, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой мэдээллээр хангах;

    б) Талийгаачийн ар гэрээс холбогдох захиалга, хүсэлтийг хавсралтад заасан хэлбэрээр хүлээн авах;

    в) Захиалгыг баталгаажуулах зорилгоор ар гэрийнхний иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээллийг гаргуулах;

    г) Төсөлтэй холбоотойгоор иргэдээс ирсэн бусад санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, гэрээ, журамд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авах, боломжгүй тохиолдолд УБЗАА-д шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авах.

    Гурав. Шарилыг нүүлгэн шилжүүлэх санал, хүсэлтийг хүлээн авах

     3.1. Талийгаачийн ар гэрт шарилыг шилжүүлэн оршуулах хэлбэр, боломжийн талаарх мэдээллийг өгч, шилжүүлэн оршуулах санал, захиалгыг баталгаажуулж авна.(Хавсралт№2-Захиалгын  маягт)

    3.2. Шарилыг ар гэрийн санал хүсэлтийн дагуу дараах хэлбэрээр шилжүүлэн оршуулж болно.

    3.2.1.Шарилыг чандарлаж, төсөлд хамрагдсан талбайд шинээр байгуулагдах Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн суварга болон хөрсөнд чандрыг үнэ төлбөргүйгээр зална;

    3.2.2.Улаанбаатар буян ХХК-ийн Баруун, Зүүн буяны төв цогцолбор, Нью семетри ХХК-ийн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн болон бусад зөвшөөрөлтэй нийтийн эдэлбэр оршуулгын газарт шилжүүлэн оршуулж болно. (энэ тохиолдолд Компаниас тогтоосон тарифын дагуу төлбөрийг төлнө.)

    3.3. Нүүлгэн шилжүүлэх талбайд хамрагдсан шарил болон чандарыг ар гэрийнх нь хүсэлтээр, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл бүхий оршуулгын газарт байршуулах нөхцөлтэйгээр ар гэрт нь хүлээлгэн өгч болно. (Хавсралт№3-Хүсэлтийн маягт)

    Дөрөв. Нүүлгэн шилжүүлэх үйл явцыг баримтжуулах, хяналт тавих

    4.1. Нүүлгэн шилжүүлэх үйл явцыг баримтжуулах:

    4.1.1. Шарил нүүлгэн шилжүүлэх ажлын талбайг тус бүр 0,7-1 га орчим талбай бүхий 12 секторт хувааж бэлтгэх бөгөөд  нүүлгэн шилжүүлэх үйл явцыг сектор тус бүрээр болон шарил нэг бүрээр дараах байдлаар баталгаажуулж, холбогдох баримтыг УБЗАА болон бусад эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.(Хавсралт№4- Шарил нүүлгэн шилжүүлэлтийн явцын фото зураг, шарилын дагалдах хуудасны загвар)

    4.1.2. Шарил нэг бүрд шарилын дагалдах хуудсыг хөтлөх бөгөөд дагалдах хуудасны загварыг журмын хавсралтаар батална. Шарилын дагалдах хуудаст дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд.

    4.1.2.а.энэ журмын 2.1.1-д заасан мэдээллийг агуулсан байх;

    4.1.2.б. фото зургийг он, сар, өдөр, цагийг тодорхой харуулсан тохиргоотойгоор  авсан байх;

    4.1.3.в. шарилын хайрцаг дотроос эд зүйл гарч ирсэн тохиолдолд дагалдах хуудаст тодорхой тэмдэглэж, фото зургийг авч хавсаргана.

    4.1.3. Нүүлгэн шилжүүлэх сектор тус бүрийн ажлын явцын ерөнхий байдлыг видео бичлэг хийж хадгална.

    4.2. Нүүлгэн шилжүүлэх ажилд тавих хяналт:

    4.2.1. Төсөл хэрэгжүүлэгч нь шарил нүүлгэн шилжүүлэх ажлыг УБЗАА, Шүүхийн шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага, харъяалах хорооны Засаг даргын Тамгын газар болон хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулна.

    4.2.2. Журмын 4.2.1-д заасны дагуу томилогдсон хуулийн этгээдийн төлөөлөл нь шарил нүүлгэн шилжүүлэх ажил хууль тогтоомж, талуудын хооронд байгуулсан гэрээ, энэхүү журамд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавина.

    4.2.3. Шарил нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд ар гэрийнхэн оролцох хүсэлтэй тохиолдолд хүсэлтийг бичгээр гаргуулж, оролцох нөхцөл боломжоор хангана.

    4.2.4. Журмын 4.2.1-д заасан холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулах ажлыг УБЗАА-ны дэмжлэгтэйгээр Түр удирдлагын баг зохион байгуулна.

    Тав. Бусад зүйл

    5.1. Хариуцах эзэнгүй, ухагдаж тоногдон хэн болох нь тодорхойгүй болсон, эсхүл ил задгай хаясан шарилыг шилжүүлэн оршуулах ажлыг Компани нэгдсэн журмаар газраас гаргаж чандарлах бөгөөд чандарыг тухайн байршилд шинээр байгуулагдах Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд байршуулах ба цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орох хүртэлх хугацаанд Улаанбаатар буян ХХК-ийн Буяны төв цогцолборт түр хадгална.Үүнд:

    a) Баруун буяны төв цогцолбор – СХДүүрэг 32-р хороо, Баруун турууны ам

    б)Зүүн буяны төв цогцолбор – БЗДүүрэг 20-р хороо, Мянган лангийн дэнж

    5.2. Булш, бунханаас гарсан эд зүйлсийн цаашдын хадгалалт, устгал, холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх асуудлыг талийгаачийн ар гэрийн хүсэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн Түр удирдлагын багын шийдвэрлэнэ.

    5.3. Иргэдийн санал, хүсэлтийг энэхүү журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй нөхцөлд УБЗАА шийдвэрлэнэ.

         ------------------------ о О о ---------------------