• sambalkhundev70@gmail.com
    и-мэйл хаяг
  • 72100101
    лавлах төв
Төслийн танилцуулга
Төслийн нэр: Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв

Төслийн нэр: Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв

Хэрэгжих улс:

Монгол  улс, Улаанбаатар хот

Төсөл хэрэгжүүлэх байгууллага:

"НЬЮ СЕМЕТРИ" ХХК

Төсөл хэрэгжих хугацаа:

2021  - 2025 он

Хамтын ажиллагааны хэлбэр:

Төр хувийн хэвшлийн түншлэл

Хамтрагч байгууллага:

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

МБШТөв ГАНДАНТЭГЧИНЛЭН хийд

“УЛААНБААТАР БУЯН” ХХК

Далан давхар /Самбалхүндэв/-н оршуулгын газрын өнөөгийн байдал

Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатутын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн байна.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73,9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47,6 мянган шарил байх бөгөөд 35,3 хувь буюу 16,8 мянга нь эвдэрч муудсан, 1,1 хувь буюу 0,5 мянга нь ухагдаж тоногдсон байдалтай байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний үндсэн түүхий эдийн захтай зэрэгцэн оршиж буй тус тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. 

    “Нью Семетри” ХХК-ийн зүгээс олон жилийн хүлээлт үүсгээд буй тус төслийн ач холбогдлыг харгалзан төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг тогтоох хүрээнд Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг санаачлаад байна.

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдийн булшийг  холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэнзан газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн болно.

Төсөл хэрэгжүүлэх байршил

Нүүлгэн шилжүүлэлтийн талбайн булшны тооллого

Төсөл санаачлагчийн зүгээс 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны 4 сард хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10934 булш тоологдсон.



Тус ажлын хүрээнд Чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой булшны нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн бөгөөд www.sambalkhundev.mn сайтын хайлтын хэсгээс шүүлт хийх боломжийг бүрдүүлсэн

Шарил нүүлгэн шилжүүлэлт

Шарилыг нүүлгэн, шилжүүлэх ажлын хүрээнд талийгаач ар гэрийнхэнтэй нь холбогдох, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авч, улмаар нэгдсэн журмаар газраас гаргаж, чандарлах ба Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулагдах хүртэл хугацаанд “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт түр хадгална.

  • - Баруун буяны төв цогцолбор – /СХДүүрэг 32-р хороо, Баруун турууны ам/
  • - Зүүн буяны төв цогцолбор – /БЗДүүрэг 20-р хороо, Мянган лангийн дэнж/





ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН




Газар чөлөөлөлтөнд хамрагдсан шарилыг ар гэрийн санал, хүсэлтийн дагуу шинээр байгуулагдах  Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн Хүндэтгэлийн хананд эсхүл Хөрсөнд чандрыг үнэ төлбөргүй зална.

2022 оны 9 дүгээр сард Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж Улаанбаатар буян ХХК-ийн Буяны төв цогцолборт хадгалагдаж байгаа чандаруудыг хүндэтгэлийн хана, хөрсөнд залах үйл ажиллагаа хийгдэнэ.

Эмгэг судлалын төв

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хувьд цогцос түр хадгалах байртай холбоотой дараахи хүндрэл, бэрхшээл тулгамддаг. Үүнд:

  • - олон улсын жишиг, стандартад нийцсэн цогцос хадгалах шургуулагатай хөлдөөгч хүрэлцээгүй, ;
  • - Зориулалтын бус цогцос хадгалах байр болон задлан шинжилгээний өрөөнүүд нь агааржуулалт муутай, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй;
  • - Цогцос хадгалах байр дахь салах ёслолын танхим цөөн тул холбогдох зан үйлийн дагуу бүрэн гүйцэтгэх боломжгүй байдаг;
  • - Зөвхөн цогцос хадгалах байр төдийгүй тухайн орчинд хөдөлгөөнийг хязгаарлаж, бухимдал, чирэгдэл үүсгэдэг;

Иймд төслийн хүрээнд дээр дурьдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд Төрийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран олон улсын стандарт, шаардлагад нийцсэн төвлөрсөн шарил хадгалах байр бүхий эмгэг судлалтын төвийг байгуулахаар төлөвлөөд байна.

Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв

Талийгаачийн ар гэрийн хувьд салах ёс гүйцэтгэх богино хугацаанд хууль зүйн, шашны, зан үйл, ёс уламжлалын, зохион байгуулалтын зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх шаардлага тулгардагаас гадна оршуулгын үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн зүгээс баримтлаж буй бодлого, зохицуулалт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэгдсэн ойлголт, мэдлэг дутмаг байдал нь зөвшөөрөлгүй оршуулгын газрыг тэлэх болон бусад сөрөг үр дагавар гарах нөхцлийг бүрдүүлдэг.

Иймд төрийн болон хувийн байгууллагын нас баралт, оршуулгатай холбоотой үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийг бодит мэдээллээр хангах зорилгоор оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн болно. Үүнд:

  • - Төрийн нийтлэг үйлчилгээ;
  • - Салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр хангах танхим;
  • -  Иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх танхим.
  • - Талийгаачдын ар гэр түр байрлах эмгэнэл илэрхийлэх танхим  

Төсөл санаачлан хэрэгжүүлэгчийн товч танилцуулга

“Нью Семетри” ХХК нь бурхан бологсодыг хүндэтгэлтэй мөнхжүүлэх, буяны үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйлтэй хослуулан далд оршуулгын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор нийслэлийн баруун зүгт "Шүлэг уул"-ын энгэрт "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн", мөн зүүн зүгт "Баян уул"-ын энгэрт "Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн"-д далд оршуулгын буяны үйлчилгээг нэн хүндэтгэлтэйгээр, цогц байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Төслийг хамтран хэрэгжүүлэгчийн товч танилцуулга

"Улаанбаатар буян" ХХК

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


icon
ШАРИЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ

ШАРИЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ

2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай

Хамтран ажиллах гэрээний гуравдугаар хавсралт

ШАРИЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД

БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн (цаашид “НИТХ” гэх) 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” 109 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/733 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр заасан.

1.2. Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд төсөлд хамрагдсан талбай дахь шарилын тоо хэмжээг тодорхойлж баталгаажуулах, иргэдийг мэдээллээр хангах, шарилыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцаанд энэхүү түр журмыг баримтлана.

1.3. Шарилыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Зарим цогцос оршуулах журам”, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмуудын холбогдох зохицуулалтууд, MNS6841:2020 Оршуулгад хамаарах үйлчилгээний стандарт, MNS5605:2006 Шарил чандарлах үйлчилгээний байгууллагад тавих ерөнхий шаардлага стандарт, холбогдох бусад  хууль тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлнэ.

1.4. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад өөрчлөлт оруулах эсхүл илүү нарийвчлан зохицуулах шаардлага гарсан нөхцөлд УБЗАА болон Компанийн хамтран байгуулсан Түр удирдлагын баг хуралдаж Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж болно.

                   

    Хоёр. Тооллогын дүнг баталгаажуулах, нийтэд мэдээлэх

    2.1. Тооллогын дүнг баталгаажуулах:

    2.1.1.УБЗАА болон Компанийн хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн дагуу Компаниас хийсэн шарилын тооллогын дүнг баталгаажуулахад дор дурдсан мэдээллийг үндэслэнэ. Үүнд:

    • a) Шарил тус бүрээр булшны чулуу, бунхан дээр бичигдсэн овог нэр, төрсөн болон нас барсан огноо, ар гэрийг олж тогтооход шаардлагатай байж болох бусад мэдээлэл, баримтуудыг бүртгэж тэмдэглэсэн байдал, бодит байдлыг харуулсан фото зургууд;
    • b) Булшны чулуу, бунхан эвдэрч хэмхэрсэн, эсхүл байхгүйн улмаас хэн болохыг нь тодорхойлох боломжгүй шарилын тоог гаргаж бүртгэсэн байдал, бодит байдлыг харуулсан фото зургууд;
    • c) Шарил тус бүрийг дугаарлаж, тэмдэглэгээ хийж баталгаажуулсан байдал

    2.1.2. Мэдээллийн үнэн зөвийг шалган баталгаажуулах ажлыг УБЗАА, Нийслэлийн иргэний бүртгэлийн газар, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

    2.1.3. Компани нь энэ журмын 2.1.1-д заасан мэдээллийг төслийн үйл ажиллагааны нарийвчлан төлөвлөгөөнд заасан хугацааны дотор УБЗАА-нд хүлээлгэн өгнө.(Хавсралт №1 – Төслийн талбай дахь шарилын мэдээлэл)

    2.1.4. Шарилын тооллого, дүнг тулган баталгаажуулах үйл явцад энэ журмаар зохицуулагдаагүй харилцаа үүссэн нөхцөлд Түр удирдлагын баг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллана.

                   2.2. Нийтэд зарлан мэдээлэх

                   2.2.1. Шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээс 3-аас доошгүй сарын өмнөөс эхлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд төслийн талаар мэдээлэх ба мэдээллийн агуулга, давтамж, хугацаа, хуваарь, хариуцах эзнийг заасан нарийвчилсан төлөвлөгөөг Түр удирдлагын баг баталж хэрэгжүүлж ажиллана.  

                   2.2.2. Тооллогын мэдээллийг Компанийн www.sambalkhundev.mn цахим санд байршуулж, 7210-0101 тусгай дугаар (ажлын цагаар) ажиллуулах замаар талийгаачийн ар гэр, олон нийтэд мэдээлнэ.

                   2.2.3. Компанийн бүртгэл мэдээллийн ажилтанууд 2022.04.30-ны өдрийг хүртэл хугацаанд “Улаанбаатар Буян” ХХК-ийн байранд, 2022.01.10-2022.04.30-ны өдрийг хүртэл хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу Дүнжингарав төвд, 2022.04.30-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх ажил дуусах хүртэл хугацаанд төслийн талбайд тус тус байрлан ажиллана.

    2.2.4. Шарилыг нүүлгэн шилжүүлэх, шарилын бүртгэл тооллого хийх, баталгаажуулж эзэнжүүлэх, ар гэртэй холбогдох, тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх, саналыг авах, шилжүүлэн оршуулах хугацаа хуваарийн талаар мэдээлэл өгөх, эдгээртэй холбогдох бусад ажлыг Компаниас томилогдсон бүртгэл, мэдээллийн ажилтнууд хийж гүйцэтгэх ба  дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

    а)Хариуцах эзэнтэй шарилын ар гэртэй уулзаж, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой мэдээллээр хангах;

    б) Талийгаачийн ар гэрээс холбогдох захиалга, хүсэлтийг хавсралтад заасан хэлбэрээр хүлээн авах;

    в) Захиалгыг баталгаажуулах зорилгоор ар гэрийнхний иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээллийг гаргуулах;

    г) Төсөлтэй холбоотойгоор иргэдээс ирсэн бусад санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, гэрээ, журамд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авах, боломжгүй тохиолдолд УБЗАА-д шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авах.

    Гурав. Шарилыг нүүлгэн шилжүүлэх санал, хүсэлтийг хүлээн авах

     3.1. Талийгаачийн ар гэрт шарилыг шилжүүлэн оршуулах хэлбэр, боломжийн талаарх мэдээллийг өгч, шилжүүлэн оршуулах санал, захиалгыг баталгаажуулж авна.(Хавсралт№2-Захиалгын  маягт)

    3.2. Шарилыг ар гэрийн санал хүсэлтийн дагуу дараах хэлбэрээр шилжүүлэн оршуулж болно.

    3.2.1.Шарилыг чандарлаж, төсөлд хамрагдсан талбайд шинээр байгуулагдах Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн суварга болон хөрсөнд чандрыг үнэ төлбөргүйгээр зална;

    3.2.2.Улаанбаатар буян ХХК-ийн Баруун, Зүүн буяны төв цогцолбор, Нью семетри ХХК-ийн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн болон бусад зөвшөөрөлтэй нийтийн эдэлбэр оршуулгын газарт шилжүүлэн оршуулж болно. (энэ тохиолдолд Компаниас тогтоосон тарифын дагуу төлбөрийг төлнө.)

    3.3. Нүүлгэн шилжүүлэх талбайд хамрагдсан шарил болон чандарыг ар гэрийнх нь хүсэлтээр, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл бүхий оршуулгын газарт байршуулах нөхцөлтэйгээр ар гэрт нь хүлээлгэн өгч болно. (Хавсралт№3-Хүсэлтийн маягт)

    Дөрөв. Нүүлгэн шилжүүлэх үйл явцыг баримтжуулах, хяналт тавих

    4.1. Нүүлгэн шилжүүлэх үйл явцыг баримтжуулах:

    4.1.1. Шарил нүүлгэн шилжүүлэх ажлын талбайг тус бүр 0,7-1 га орчим талбай бүхий 12 секторт хувааж бэлтгэх бөгөөд  нүүлгэн шилжүүлэх үйл явцыг сектор тус бүрээр болон шарил нэг бүрээр дараах байдлаар баталгаажуулж, холбогдох баримтыг УБЗАА болон бусад эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.(Хавсралт№4- Шарил нүүлгэн шилжүүлэлтийн явцын фото зураг, шарилын дагалдах хуудасны загвар)

    4.1.2. Шарил нэг бүрд шарилын дагалдах хуудсыг хөтлөх бөгөөд дагалдах хуудасны загварыг журмын хавсралтаар батална. Шарилын дагалдах хуудаст дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд.

    4.1.2.а.энэ журмын 2.1.1-д заасан мэдээллийг агуулсан байх;

    4.1.2.б. фото зургийг он, сар, өдөр, цагийг тодорхой харуулсан тохиргоотойгоор  авсан байх;

    4.1.3.в. шарилын хайрцаг дотроос эд зүйл гарч ирсэн тохиолдолд дагалдах хуудаст тодорхой тэмдэглэж, фото зургийг авч хавсаргана.

    4.1.3. Нүүлгэн шилжүүлэх сектор тус бүрийн ажлын явцын ерөнхий байдлыг видео бичлэг хийж хадгална.

    4.2. Нүүлгэн шилжүүлэх ажилд тавих хяналт:

    4.2.1. Төсөл хэрэгжүүлэгч нь шарил нүүлгэн шилжүүлэх ажлыг УБЗАА, Шүүхийн шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага, харъяалах хорооны Засаг даргын Тамгын газар болон хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулна.

    4.2.2. Журмын 4.2.1-д заасны дагуу томилогдсон хуулийн этгээдийн төлөөлөл нь шарил нүүлгэн шилжүүлэх ажил хууль тогтоомж, талуудын хооронд байгуулсан гэрээ, энэхүү журамд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавина.

    4.2.3. Шарил нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд ар гэрийнхэн оролцох хүсэлтэй тохиолдолд хүсэлтийг бичгээр гаргуулж, оролцох нөхцөл боломжоор хангана.

    4.2.4. Журмын 4.2.1-д заасан холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулах ажлыг УБЗАА-ны дэмжлэгтэйгээр Түр удирдлагын баг зохион байгуулна.

    Тав. Бусад зүйл

    5.1. Хариуцах эзэнгүй, ухагдаж тоногдон хэн болох нь тодорхойгүй болсон, эсхүл ил задгай хаясан шарилыг шилжүүлэн оршуулах ажлыг Компани нэгдсэн журмаар газраас гаргаж чандарлах бөгөөд чандарыг тухайн байршилд шинээр байгуулагдах Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд байршуулах ба цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орох хүртэлх хугацаанд Улаанбаатар буян ХХК-ийн Буяны төв цогцолборт түр хадгална.Үүнд:

    a) Баруун буяны төв цогцолбор – СХДүүрэг 32-р хороо, Баруун турууны ам

    б)Зүүн буяны төв цогцолбор – БЗДүүрэг 20-р хороо, Мянган лангийн дэнж

    5.2. Булш, бунханаас гарсан эд зүйлсийн цаашдын хадгалалт, устгал, холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх асуудлыг талийгаачийн ар гэрийн хүсэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн Түр удирдлагын багын шийдвэрлэнэ.

    5.3. Иргэдийн санал, хүсэлтийг энэхүү журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй нөхцөлд УБЗАА шийдвэрлэнэ.

         ------------------------ о О о ---------------------



    icon